ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

"АЛТАН ЧАГНУУР" ШАГНАЛЫН ЭЗЭД ЯРЬЖ БАЙНА

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч нарын хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах, тэдний ажил мэргэжлийн онцлог, ард түмнийхээ эрүүл энхийн төлөөх зүтгэлийг сурталчилах зорилгоор "Алтан чагнуур" дээд шагналыг бий болгон гурав дах жилдээ шалгаруулах гэж байна.

2012 онд энэ эрхэм шагналыг хүртсэн эмч нараас Алтан чагнуур шагналын тухай бодол сэтгэгдэл, Ямар бүтээл, ажлын үр дүнгээрээ "Алтан чагнуур" авсан, Шагнал авснаас хойш ямар бүтээл, ямар ажил амжуулсан тухайгаа ингэж ярьлаа.

"Төрийн дээд одонгоос илүү"
А.П. Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч П.Чулуунцэцэг
  • Би 1976 онд АУДэС-д орохдоо ҮЭ-ийн гишүүн болж түүнээс хойш ажил, амьдрал маань ҮЭ-тэй хамт явж ирлээ. 30 жил эрүүл мэндийн яаралтай тусламжийн нарийн түвэгтэй, нягт нямбай ажиллагаа шаардсан үйлчилгээнд ажиллахдаа олон шагнал урамшуулал хүртэж байснаас Алтан чагнуур хамгийн сайхан санагдсан. Бас булган сүүлтэй шагнал юм Би энэ оны эхээр Алтан чагнуурынхаа хойноос Алтангадас одонгоор шагнуулсан юм.
  • Мэдээгүйжүүлэгч эмчээр ажилласан хугацаандаа 400 орчим хүнд эрчимт эмчилгээ хийж, тэр бүрийн талархал хүлээж байлаа. Би 20 гаруй шавьтай тэд маань ч гэсэн олон хүний амийг аварч байгаа. Өнөөдөр бид хүзүүний С2, С4 нугламыг авч хиймэл нугалам суулгах мэс засалыг амжилттай хийлээ. Монголд анх удаа хийгдэж, Монголын анагаах ухаан, мэс засал эмчилгээний хөгжил, мэс засалчдын ур чадварыг нэг шатаар ахиулсан энэ мэс ажиллагааг мэс засалч М.Энхболд, Абай нар гардан хийсэн. Энэ мэтээр манай ажилд шинэ зүйл их нэвтэрч байгаа
"Сайн сайхан, баяр баясгалангаа хүний төлөө зориулж явна"
"Ачтан" клиникийн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч Д.Амаржаргал
  • Энэ шагнал зөвхөн эмч хүний сэтгэл, зүтгэлийг үнэлэн өгч байгаа гэдгээрээ бусад шагналаас илүү. Чагнуурыг зөвхөн эмч л зүүдэг шүү дээ. Эмч мэргэжил эзэмшээд амьдралын хамаг сайн сайхан, баяр баясгалангаа хүний төлөө зориулжээ. Энэ хөдөлмөрийг үнэлж алтанчагнуур шагналын эзэн болсондоо баярлаж явдаг.
  • Эмчилгээ үйлчилгээнийхээ зэрэгцээ судалгаа, эрдэм шинжиглээний ажил хийх, залуу эмч нарыг сургах гээд чухам завгүй ажил ундарч байна. "Элэгний хатуурал өвчний үеийн эрхтэн системийн хүндрэл" сэдвээр лекц бэлтгэж номонд орууллаа.
  • Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин болон сөргөөт гастридын тохиолдолд хийсэн судалгаа. Цөсний сөргөөт хийсэн судалгаа зэрэг илтгэл бичиж хэлэлцүүллээ.
  • Эмнэлгийн дотоод стандарт гурвыг боловсрууллаа. Үүнд элэгний өөхжилт профериний өвчин, гэдэсний нянгийн бичил орчны өөрчлөлт, цөсний гэр авахуулсны дараах эмчилгээ оношлогооны удирдамж орж байгаа юм. Эдгээрийг одоо бид эмчилгээндээ мөрдөж байна.
"Урам, итгэл, дэмжлэг хамт ирсэн"
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн нүүр амны мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Итгэлт
  • "Алтан чагнуур" нэр хүндтэй шагнал юм. Эмчийн ажлын үр дүнгээс гадна урам, итгэл, дэмжлэг хамт ирдэг. Эрүүл мэндийн 26 ажил мэргэжилээс 15-ыг сонгодог. Түүнд хоёр жил дараалан шүд, эрүү нүүрний салбарын мэргэжилтэн орж шагнал авсан. Энэ нь манай салбарын ололт, хөгжлийг олон нийт, мэргэжлийн байгуулагууд хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Шагнал авсны дараа үйлчлүүлэгчиддээ хүндлэгдэж, салбарынхаа нэрийг гаргасан гэж талархал хүлээж байгаа.
  • Монголд хийж байгаа эрүү нүүрний хагалгааны 90 хувийг манай тасаг хийж байна. Жилдээ 400 гаруй амбулаторийн хагалгаа хийдэг.
  • Алтан чагнуур шагналыг авсны дараа мэс заслын тэргүүлэх зэргийн шалгалтаа амжилттай өгсөн. Одоо эрүүний ясанд шүдэлбэр суулгах имплант хийхэд бэлэн болоод байна. Аппарат хэрэгсэлээ бэлтгэж, Солонгос улсад суралцан өөрийгөө бэлтгэлээ. Энэ бол шүдний эмчилгээний хамгийн сүүлийн үеийн арга юм.
"Эмч хүний мэргэжлийн үнэлгээ юм"
Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч , зөвлөх эмч Д.Баасанжав
  • Алтан чагнуур шагналыг авхад их сайхан байсан. Энэ шагнал эмч хүний мэргэжлийн шалгалтын үнэлгээ юм гэж би боддог. Энэ шагналын араас би Орхон аймгийн есөн алдартны нэгээр тодорсондоо маш их баярлан бэлэгшээж байгаа шүү. Үнэхээр сайхан энерэгтай сайхан шагнал.
  • Би хүүхдийн эмчээр 31 жил ажиллахдаа 40 мянга гаруй хүүхдийг эмчилж эрүүлжүүлсэн. Хүүхдийн эмч, эцэг эхчүүдэд зориулж гурван ном, 20 гаруй гарын авлага бэлтгэж, онол практикийн хурлаар 20 гаруй илтгэл хэлэлцүүлсэн. Орхон аймагт "Хүүхдийн өвчний цогц менежмент" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2012 онд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 18,7 хувь, 01-насных 15,3 хувь болж буурсан.
  • Аймагтаа эрүүл хүүхэд аяныг зохион байгуулж 28,4 мянган хүүхэд хамруулан үзлэг хийхэд 71,1 хувь нь ямар нэг өвчинтэй гарлаа. Тэднийг одоо эмчлэн эрүүлжүүлэх ажил өрнөж байна. СОР ОПТИМИСТ олон улсын байгууллагад төсөл бичиж Хүүхдийн тасгийн сэхээний өрөөг стандартын дагуу тохижууллаа.
"Маш шударгаар шүүдэг юм байна"
ХСҮТ-ийн зөвлөх, Монгол улсын хүний гавьяат эмч Р.Асай
  • Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь эрүүл мэндийн ажилтнуудын төлөө олон идэвхтэй үйл ажиллагаа, тэмцэл хөдөлгөөн явуулан бидний эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаад талархаж явдаг. Тэдний нэг нь энэ шагнал юм. Жирийн эмч нарын дотроос ажил мэргэжилдээ сайн ч анзаарагдахгүй хөдөлмөрлөж ирсэн хүмүүсийг илрүүлдэг шагнал юмдаа. Маш шударгаар шүүдэг юм байна. Олон ч хүн өрсөлддөг. Намайг Монгол улсад хөхний мамаграф оношлогооны үндсийг тавьсан гэсэн шалгуураар шалгаруулсан юм.
  • Би 2009 онд "Хөхний рентген мамаграф оношлогоо" сэдвээр докторын зэрэг хамгааласан. Хөхний хавдар манайд цөөхөн гэж байгаа боловч гол таван байрлалын хавдарын дараа 6 дугаарт орж байна. Иймээс энэ өвчний оношлогоо, эмчилгээг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө би 30 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж ирлээ.
  • Шагнал авснаасаа хойш 2-3 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлснээс гадна хавдар судлалын оношлогооны олон улсын хуралд гурван илтгэл тавьж хэлэлцүүллээ. Саяхан резидент сургалтаар 25 хүн төгсгөж нарийн мэргэжил эзэмшүүлээд байна.
"Бодитой хандлага, бодитой үнэлэлт"
Улсын клиникийн төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын клиникийн их эмч Л.Энхсайхан
  • Монгол улсад эмч нарт олгодог шагнал олон бий. Харин "Алтан чагнуур" мэргэжлүүдээр номинац гарган шалгаруулдаг нь мэргэжлийн нарийн шалгуураар, хийсэн бүтээснийг нь бодитой үнэлсэн хэрэг гэж боддог. Би мэдрэлийн эмч, хүүхдийн эмчтэй өрсөлдөхгүй, мэргэжил дотроо өрсөлдөг нь илүү бодитой хандлага. Салбар дотороосоо шалгарч байгаа учраас тухайн салбартаа бүтээлтэй, амжилт гаргасан хүн л үүнийг авч байгаа учраас эрүүл мэндийн салбартаа нэр хүндтэй шагнал юм.
  • Би анх эмч болохдоо мэдрэлийн сайн эмч болно гэж боддог байсан бол сүүлийн жилүүдэд Монгол улсын мэдрэлийн салбарыг яавал хөгжүүлэх вэ, ямар чиглэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэж бодож эхэлсэн. Тэгээд санаа бодлоо мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран холбогдох байгууллага, яамандаа илэрхийлж байна. Мэдрэлийн тусламжийг нарийн мэргэшүүлэх хэрэгтэй гэж боддог. Толгой өвдөлтийн , нурууны, тархины, судасны кабинет гэх мэтээр. Ядаж амбулаторид мэдрэлийн 4-5 эмч сууж байх хэрэгтэй. Тэгж төрөлжих нь тухайн салбар нарийн түвшинд хүрэх зам юм. Манай мэргэжлийн зөвлөл харвалтын, нөхөн сэргээх, мэдрэл булчин, захын мэдрэлийн гэх мэт хэд хэдэн төв байгуулах, мэдрэлийн мэс заслын хоёрдахь тасаг байгуулах зэрэг асуудал сэдэж, тавьж байгаа.
  • Шагнал авснаасаа хойш олон хүн эмчилсэн. Эрүүл мэндийн хоёр сургуульд багшилж анагаахын ирээдүйгээ бэлтгэж байна. Тархины цус харвалтын эмнэлзүйн удирдамж, боловсруулалцаж гарын авлагыг нь гаргалаа. 4-5 эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлсэн байгаа.
Эмч иртэл танд "Эмч иртэл" хэрэг болно
Нийслэлийн яаралтай тусламжийн эмч Я.Жамбалдорж
  • Эмч бидний хөдөлмөрийн гол зэвсгийг алттай зүйрлэн, бидний хөдөлмөрийг дээдлэн үнэлж байгаад би маш их баяртай байна. Шагналыг хүртэхдээ 30 гаран жил эмч хийсний, түүний зэрэгцээ эрүүл мэндийн соён гэгээрүүлэх, сурталчлах талаар хийсэн ажлыг минь үнэллээ гэж бодсон. Гэхдээ энэхүү шагналыг анх санаачлан гаргаж 2 дахь жилдээ зохион байгуулан явуулсан Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо юм.
  • Шагналд дагалдаж ирдэг энгэрийн тэмдэг, хаягийг хараад үйлчлүүлэгчид маань их хүндэтгэлтэй ханддаг. Би анагаах ухааны багш нар, оюутан, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан 20 гаруй ном бичсэн. Ном намайг энэ шагналд хүргэлээ гэж боддог. Тэдгээрээс "Анагаах ухааны танин мэдэхүйн толь" ном ЭМЯ-наас Анагаах ухааны шилдэг бүтээл" өргөмжлөл хүртэж байлаа. "Эгэлгүй ачтанууд" ном маань 2009 оны "Шилдэг номоор шалгарч байлаа. Яаралтай тусламжийн салбарт ажиллах хугацаандаа эмч нартаа зориулан "Яаралтай тусламжийн лавлах", үйлчлүүлэгчдэд зориулан "Эмч иртэл" ном бичиж хүртээл болгосон маань эрэлттэй ном болсон.
  • Шагнал авснаасаа хойших нэг жилийн хугацаанд хоёр ном бичиж, нэг ном редакторлалаа. Одоо хоёр ном бэлэн болгоод хэвлэлтэд өгөх гээд байж байна.
"Эмч хүн хүний төлөө гэсэн сэтгэлтэй байвал бүгд болно"
Ховд аймгийн мөст сумын сум дундын эмнэлэгийн хүүхдийн их эмч Д. Бямбахүү
  • "Алтан чагнуур" шагналыг сумын эмч нарын дундаас анх удаа авсандаа туйлын их баярлаж байна. Сэтгэл маш их хөдлөж байснаа санаж байна. Эрүүл мэнд эрхэм баян шүү. Эрүүл аз жаргалтай амьдрахын төлөө хамтдаа л гэж хэлье.
  • 1979 онд АУДС-ыг онц дүнтэй төгсөн төрөлх нутагтаа очиж ажил амьдралын гараагаа эхэлсэн тэр өдөр өчигдөр мэт санагдаж байна. Энэ хугацаандаа хөдөөгийнхөндөө эрүүл мэндийн тусламжийг бүх мэргэжилээр үзүүлсэн дээ. Тарваган тахал өвчний голомтод гурван удаа орж өвчтнийг гардан эмчилж, шуурхай арга хэмжээ авснаар тулгараад байсан их хэмжээний хохирлыг зайлуулж чадснаа гавьяа гэж боддог. Хөдөө суманд ажиллах сайхан. Хэцүү ч үе байдаг сэтгэл байвал бүгдийг туулж гарч чадна. Эмч хүн бол өргөн мэдлэгтэй, мэргэжлийн ур чадвартай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байвал бүгд болно.
  • "Алтан чагнууртай эмч" гэсэн хаягаа хаалган дээрээ хадчихаад сууж байхад сайхан байдаг. Надад энэ шагнал цаашид их ажил хийх эрч хүчийг бэлэглэсэн, үнэхээр сайхан шагнал. Эмч бидэнд урам хайрласан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоондоо баярлалаа.
"Миний шагнал миний хамт олных"
Уламжлалт анагаах ухаан, зүү төөнийн их эмч Б. Галя
  • Манай эрүүл мэндийн салбарт олон шагналууд байдаг. Харин "Алтан чагнуур" шагнал нь бусад шагналаас илүү онцлогтой. Зөвхөн эмч нарын дундаас төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нэр төртөй гүйцэтгэж, онцгой амжилт гаргасан шилдэгүүдийг шалгаруулан шагнадаг, бидний гол багаж чагнуураар минь нэрлэгдсэн сайхан шагнал.
  • Эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ 300 мянга гаруй хүнд мэргэжлийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлж эмчилсэн ба үйлчлүүлэгчиддээ хөнгөн шуурхай үйлчилж өвчний нь оношлож сайн эмчлэх, өвчнөөс сэргийлэхэд Уламжлалт анагаах ухааны талаас арга замыг зааж өгөхийг чухалчилж ирлээ. Энэ маань "Үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ ханддаг, ёс зүйн харьцаа сайтай эмч"-ээр хоёр удаа өргөмжлөгдөхөд хүргэжээ. Чийрэгжүүлэлт, эмчилгээ дасгал хөдөлгөөний тухай найман номыг хянан тохиолдуулж, аргачлал санамж, гарын авлага 10 гаруйг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээний илтгэл наймыг бэлтгэн онол практикийн бага хуралд хэлэлцүүллээ. Физик эмчилгээний кабинетийг сэргээн засах эмчилгээний тасаг болгон өргөжүүлж, уламжлалт анагаах ухааны кабинетийг эмнэлэгтээ анх нээн ажиллуулсан гээд ажлынхаа үр бүтээлийн талаар олон зүйл бий ч гол нь энэ бүгдэд хамт олон, хамтран ажиллаж байсан эмч сувилагч нарын маань тус дэм их байсан.
  • Энэ нэр хүндтэй сайхан шагнал бол 1978 оноос хойш хамт ажилласан миний хамт олны хүч, зүтгэл туслалцаа дэмжлэг, мөн сонгуульт ажлууд, тухайлбал ЭМЯ, Италийн засгийн газрын бус АИФО байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн зохицуулагч, сургагч багшаар ажиллаж ХБИ-ийг нийгэмшүүлэх, сэргээн засахад оруулж буй хувь нэмэр, үйлчлүүлэгчдийн маань сайхан сэтгэл бүгд нөлөөлсөн.
  • Шагнагдсанаас хойш 2800 гаруй хүнийг эмчилж эдгэрүүлэн, эмчилгээ үйлчилгээндээ шинэ бүтээл дөрвийг санаачлан нэвтрүүлж гэрчилгээ авсан, хөдөлмөрчдөд зориулсан гарын авлага хоёрыг бичиж, өөрийн үндсэн ажлын зэрэгцээгээр "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургагч багшийн хувьд Сүхбаатар Налайх дүүргийн 48 эмчид сургалт зохион байгуулж, СБД-ийн ХБХ-ийн дунд Өөрөө өөртөө туслах бүлэг хоёрыг байгуулж сургалтанд хамруулан нийгэмшүүллээ. 12-р сараас УАУ-ны эмнэлэг байгуулан эрүүл мэндийн тусламж эмчилгээ үйлчилгээгээ хүргэж байна.
"Хөдөөгийн эмнэлэгт шинэ шинэ арга нэвтрүүлсээр"
Өвөрхангай аймаг дахь БОЭТ-ийн мэс засал гэмтлийн клиникийн их эмч Т. Батсайхан
  • "Алтан чагнуур" нь эмч бидний ажлын арга туршлага, эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ бүтээлийг нийтэд сурталчилан таниулсан эмчийг бүхнээс дээдэлсэн шагналын нэг юм.
  • Миний ажил хөдөлмөрийн гараа 1988 онд сумын эмнэлгээс эхэлсэн. Үүнээс 21 жил мэс засал гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөө орон нутгийн ард түмэнд чанартай хүртээмжтэй үзүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулж ажиллаж ирлээ.2012 оноос Америк улсын cbon-con-н багийн эмч нартай хамтран ажиллаж дурангийн мэс засалд суралцан, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хөдөө орон нутагт амжилттай хийж байна. Шилбэний ясны хугарлын үед ясны голоор түгжээт хадаас хийх мэс засал хийж байгаа нь өвчтөний зовиурыг багасгаж, ясны бороололтыг хурдасгаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгож байна. Тархины гэмтлийн үеийн тархины хатуу хальсны дээрх болон доорх цусан хурааг мэс заслын аргаар авах хагалгаа амжилттай хийж байгаа.

Ярилцсан "Хөдөлмөр " сонины сэтгүүлч Ж.Сэлэнгэ

 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.